ЗАХЧИН OIRAD.MN
Захчин нь харьцангуй хожуу XVII зууны эцэс XVIII зууны эхэн үед бүрэлдсэн аж. Анх XVII зууны 70-аад оны үед Зүүн гарын Галдан бошигт хаан ойрадын тайж нарын хувийн эзэмшил “анги” бүрээс цөөн албат өрхийг татан, улсынхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгалзуулан суулгажээ. (А.Очир, 1993, т.27; Г.Мэнэс, 1996, т.334) Тийнхүү Зүүнгар улсын хил хязгаарыг сахигч харуулын ардууд бий болж, тэднийг захчин гэж нэрлэснээр захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн байна. Захчин хэмээх нэр нь утгын хувьд тэдний гүйцэтгэж байсан алба үүргийг илтгэдэг. Тэд нутгийн зах хязгаарт сууж байсан бөгөөд тэрхүү зах хязгаарыг тэмдэглэсэн “Зах” гэдэг үгийн үндсэнд ажил мэргэжлийг заадаг “чин” дагавар залгаж захчин нэр үүссэн байна. Тэд өөрсдийн хүч хөрөнгөөр улсынхаа хил хязгаарыг хамгаалан сахих үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ жил бүрийн өвлийн ан агнаж улсад ангийн махаар алба өргөж байснаас гадна Зүүн гар улсын хүрээ хийдэд шавилан суусан лам нарын хүнсэнд зориулан нэг жил алгасаад мал нийлүүлдэг байжээ. Мөн Зүүн гар усы цэрэг хөдөлгөн дайтах, Төвд зэрэг харь улсад илч төлөөлөгч илгээх үедээ захчин нараас нэмэгдэл алба татдаг байсан байна. Тийнхүү захчин нар бие болоод бүтээгдэхүүний алба барьдаг байжээ. XVIII зууны дунд үед Манж чин улс Зүүн гар улсыг байлдан дагуулахад захчин нар ялангуяа Зүүн гар, Халхын хил дагуу оршин суугчид хамгийн түрүүнд өртсөн байна. Энэ үед Дондог, Мамуд нарын захиргаанд явсан захчин нарыг Манжууд өөрсдийг нь эсэргүүцсэн тул хайр найргүй хядаж захчины галзад отгийн 2100 орчим өрхийг 1756 онд Хөлөн, Буйр нуурын хавьд шилжүүлэн суулгажээ. Заримыг нь Цахар, Хар мөрөн хавьд тараан жишсэн байна. 1756 онд Манжийн засгийн газар захчины 9 сумыг албан ёсоор баталж Жанцанг хошуу захирах тамга олгосон байна. 1777 онд Жанцанг нас барсан бөгөөд 1778 онд Захчинаас Мамудын язгуурын албат 30 гаруй өрхийг таслан Хондого сум зохион, Жамцаны хүү Мэндэшид захируулж эцгийнх нь гүнгийн зэргийг залгамжлуулжээ. Тэр үеэс захчин нь гүнгийн хошуу, бүгдийн даргын хошуу гэсэн хоёр хошуутай болжээ. Ингэхдээ манж нар захчины урдны 9 сумыг бие даасан 4 сум, нэг хондого сум болгон өөрчлөөд дөрвөн сумыг нь бүгдийн дарга, нэг хондого сумыг нь гүнгийн хошуунд захируулжээ. 1925 онд Монгол улсын засгийн газрын шийдвэрээр, захчины хоёр хошууг нэгтгэн Баатархайрхан уулын хошуу хэмээн нэрлээд, Улаангомд төвлөсөн Чандмань уулын аймагт захируулсан байна. 1931 онд Захчин бэйлийн хошуугаар Үенч, захчин гүнгийн хошуугаар Манхан, Зэрэг, Алтай, Мөст сумдыг байгуулж Ховд аймагт захируулсан агаад энэ зохион байгуулалт нь өнөө хүртэл өөрчлөгдөөгүй аж. Эх сурвалж: А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”.