АЛАШАА ХОШУУД
ДОКТОР НА.СҮБААТАРТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА.
OIRAD.MN
Алшаан хошууд
Өмнөговь аймагтай хойт талаараа хиллэдэг Алшаа аймгийнхан их сонин үүх түүхтэй хүмүүс гэж сонссон юм. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?
-Тэгье ээ. Өвөр монголын ӨЗО-ны баруун биеэр байгаа хэсэг монголчууд Өвөр монголын бусад ард түмнээс арай өвөрмөц түүхтэй учраас ярьж тодруулъя. Одоогоор Өвөр монголд засаг захиргааны өөрчлөлтөөр хотын статустай болоогүй гурван аймаг байдгийн нэг нь Алшаа аймаг юм. Алшаа аймаг нь зүүн хошуу, баруун хошуу, Эзнээ голын гэсэн гурван хошуунаас бүрддэг.
- Алшаагийн монголчуудыг ном зохиолд Алшаагийн хошууд өөлдүүд гэх юм. Бас Эзнээ голын торгуудууд гэж салгаж нэрлээд байна. Яагаад Өвөр монголын энэ хэсэгт ойрадууд ирээд суув гэдэг нь сонин юм л даа…
- Тиймээ. Тэнд хошууд өөлд, торгуудууд гэсэн хоёр хэсэг хувь зохиолтой хүмүүс байна. Эхлээд Алшаагийн хошууд өөлдүүдийг ярья. Хошууд аймаг бол Дөрвөн ойрадын гол үндсэн аймаг. Галданбошигт хаан Дөрвөн ойрадын уламжлалт систем Ойрадын чуулганыг эвдэж Зүүнгар хэмээх хаант улсыг байгуулсан. Улс байгуулна гэдэг олон эрсдэлтэй зүйлс дагуулж таарна. Ухаандаа Дөрвөн ойрад тэр цагт дотроо зүүн, баруун гэсэн хоёр гар болж чуулганаар засгийн бодлогоо барьдаг байсныг эвдсэн гэсэн үг. Зүүнгарын хаант улсыг байгуулахдаа баруун гарыг буюу Хошууд аймгийг доройтуулах, бутаргах бодлого явуулсан. Бас зүүнгар буюу цорос аймгийн доторх эсэргүүцэх хүчнийг дарсан. Тэр үед ойж зугатсан ойрадуудын хойчис нь Алшаагийн хошууд өөлдүүд юм.
- Тэр түүхэн хэрэг явдлуудыг тодруулж яриач.
Галданбошигт 1676 онд Зүүнгарыг нэгтгэж дуусав. 1677 онд Хошуудын хэсэг ноёд одоогийн Гансу мужийн Шар талд харьяатаа дагуулж ирэв. Өөрөөр хэлбэл эдгээр асуудлууд хоорондоо холбоотой зүйл. Алшаагийн хошууд өөлдүүд гурван замаар бүрджээ.
Нэг дэх нь Хошуудын Буян-Авхайаюуш ноён олон хөвгүүдээ дагуулан Хөхнуурт суусан ах дүүсээ бараадан иржээ. Хөхнуурт бэлчээр хүрэлцэхгүй тул Хорлай хэмээх хөвгүүн нь дүү нараа дагуулан цагаан хэрэм давалгүй Шар тал хэмээх газар нутаглаж байсан.
Хоёр дахь нь Хошуудын Очирт сэцэн Галданд ялагдсны дараа түүний ач хүү Лувсангомборавдан Түвд рүү зугатаж яваад сүүлд 1682 онд Хорлай дээр иржээ. Лувсангомборавдан бол алдарт Галдамаа баатарын хүү юм. Галдамаа хэмээх дайчин баатарын тухай ардын дуу их байдаг шүү дээ. Бас Халхын Түшээт хан Чахундоржийн охиныг авсан, тэр хатан ухаантай эмэгтэй байсан тухай ном зохиолд үзэгддэг нь худал биш. Лав Лувсангомборавданыг 1689 онд нас барахад түүний дүүг Зүүнгараас урьж харьяатыг нь захируулж байсан гэдэг шүү.
Гурав дахь нь Цоросын Цөхүр увш Галданг эсэргүүцээд ялагдахад түүний ач хүү Ханд бас Хорлай дээр иржээ. Сүүлд Цөхүр увшийн 5 дахь хүү Лувсанринчин бас ирсэн байна. Эндээс үзэхэд хошууд, цорос аймгийн хойчисийн бөөгнөрөл гэсэн үг. Тэд Хөхнуурт нүүж очино гэж манжаас зам гуйсан, бас Хөхнуурт ойртож Алшаа ууланд нутаглая гэж гуйсан ч манжууд Цагаан хэрэм, боомт хотуудад ойрхон гээд халгаасангүй. Учир нь Хөхнуурын хүчин ихдэхээс сэргийлсэн. Манжууд Галданд элч зарж энэ хүмүүсээ ав гэж шаардаж бас үзсэн. Галдан алсыг бодоод хойноос нь элдэж хөөсөнгүй.
-Галданбошигтын Манжтай хийсэн дайны үеэр энэ хүмүүс яасан бол?
Нэг хэсэг манжийн хилийн Яргай хот, Өвөр монголын цахар, урад, муу мянган руу баахан довтолгоон хийж манжуудыг сандаргав. Галдан 1688 онд Халх, улмаар Манжтай байлдахад Хөхнуурын ноёдын явуулсан адуу мал зэрэг тусламжийг зөөж явжээ. Өөрсдөө хүртэл тэмээ мориор туслаад. Ер нь сонин шүү, монголын нэг үг бий. “Уруул үрчийвч, элэг үрчийхгүй” гэж. Саяхан л Галданбошигтод голомтоо самруулж байсан хүмүүс дайсны өмнө дахин нэгдээд харийн эсрэг тэмцэж эхэлсэн байна. Том жижиг эрх ашиг гэдгийг ялгаж байна шүү. Манжууд хил дээр нь ирчихээд элдэв зүйл хийгээд байгаа нүүдэлчдийг олзлон өвөрмонголын дотор оруулж суулгах гэж 4000 цэрэг илгээжээ. Алшаагийн өргөн нутагт “муур хулгана болж” хөөцөлдөөд олж чадаагүй гэдрэг буцсан гэдэг. Сүүлд Хорлай нарыг манжууд арга эвээр эрхэндээ оруулжээ. Ингээд Галдан дарагдсны дараа 1697 онд хошуу сум байгуулж Алшаа уулыг тойрсон уудам нутагт суурьшуулсан байна. Өөрөөр хэлбэл цагаан хэрэмнээс их говийн өмнө зах хүртэл.
Доктор На.Сүхбаатар.