OIRAD.MN-сайтаас
ДӨРВӨД
Дөрвөдийн гарал үүсэл ба өнөөгийн байдал
Дөрвөд нь түүхэн сурвалжид тэмдэглэгдэн ирсэн язгуурын монгол аймгийн нэг юм. Монголын нууц товчоонд “Дуба сохорын дөрвөн хөвүүн эцгийгээ нас барсны хойно Добу мэргэнийг авга хэмээн үзэхгүй салан нүүж Дөрвөд овогтон болов” хэмээн өгүүлжээ. Энэ мэдээ түүхийн бусад итгэмжит сурвалжуудад тэмдэглэгдэж ирсэн байна. Судлаачид дөрвөд нэр нь анхандаа дөрвөн хүүхдийг тэмдэглэсэн дөрвөн гэсэн тооны нэрээр нэрлэгдэж байгаад хожим нь уг үгэнд олны санаа илтгэсэн “д” дагавар залгаж дөрвөд болсон гэж үздэг. (Э.Вандуй, 1965,т.6; А.Очир, 1993, т. 18)
Дөрвөдүүд XI-XII зууны үед Халх гол хавиар нутаглаж байгаад XIII зууны эхээр Их монгол улсад захирагджээ. XIII зууны үеэс хойш XV зуун хүртэл дөрвөд бие даасан аймгийн хувьд нэр ус нь тодорхой тэмдэглэгдээгүй байна. XV зууны үеэс дөрвөдүүд дөрвөн ойрадын дотор нэлээд хүчирхэгжин, түүхийн тавцан дээр гарч иржээ. Дөрвөдийн хүн ам өсч дотроо их, бага, баруун, зүүн дөрвөд хэмээн хуваагдаж байснаас зүүн дөрвөд нь Түвд рүү, бага дөрвөд нь Ижил мөрөн рүү нүүжээ.
Алтай нутагтаа үлдсэн хэсэг нь Зүүнгар хаант улсыг байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн аж. 1753 онд Даваачийн хэрцгий явдалд дургүйцсэн дөрвөдийн бага ноён Цэрэн, Цэрэн уваши, Цэрэн мөнх нар өөрсдийн харьяат иргэдээ авч Эрчис хавь нутгаас хөдлөн, Алтайг Үенч, Бодончийн хавцлаар давж, халхын нутагт орж иржээ. Тэднийг Манжийн эрх баригсад анх Заг, Байдраг, Түй голд дараа нь Ховдын Хар ус нуурын газар түр нутаглуулж байгаад 1757 онд Улаангомын газар шилжүүлэн суулгажээ.
1912 онд Монголын цэрэг Ховд хотыг чөлөөлөхөд дөрвөдүүд цэрэг, унаа хөсөг гарган тусалж, Монгол улсад дагаж захирагдахаа илэрхийлжээ. Улмаар хаант монгол улсын засгийн газар Ховдын Манж сайдын захирч байсан баруун хязгаарын олон хошуудыг хоёр аймагт хуваан захируулсан. Тэр үед Сайн Заяатын Зүүн гарт багтаж байсан 12 хошууг дөрвөдийн Зүүнгарын аймаг хэмээн нэрлэж, ханаар нь Төгс Хүлэг Далайхан Галсаннамжилыг, баруун гарын чуулганд багтаж явсан 4 хошуун дээр өөлд, мянгад, захчин, урианхайн 11 хошууг нэмэн, бүгд 15 хошуу болгон, дөрвөдийн баруун гарын аймаг хэмээн нэрлэж, ханаар нь үнэн Зоригт хан Содномжамцыг өргөмжилжээ. Энэ хоёр аймгийн хэргийг Ховдод суусан Монгол улсын засгийн газрын төлөөний сайдын газар захирч байсан байна.
1925 онд Дөрвөдийн хоёр аймгийг нэгтгэсэн Чандмань уулын аймгийг байгуулсан ба 1931 онд уг аймгаар Увс аймгийг байгуулж, олон сум зохиожээ. Тэр үед Далай ханы хошуугаар Бөхмөрөн, Сагил, Түргэн сум болон Давст сумын хагасыг, Зоригт ханы хошуугаар Өмнөговь, Өлгий, Ховдын Дөргөн болон Увс аймгийн Давст сумын хагасыг, Бишрэлт вангийн хошуугаар Ховд сумыг тус тус байгуулсан байна. Мөн Ховдын Мянгад, Увсын Наранбулаг, Тариалан, Завхан, Баян-Өлгийн Ногооннуур зэрэг сумдын нутагт дөрвөдийн хошуудын нутгаас оролцсон бөгөөд тэдгээр сумдад нь дөрвөдүүд аж төрсөөр байна. Эдүгээ дөрвөдүүд Монгол улсаас гадна Халимаг, БНХАУ-ын Хар мөрөн мужийн Монголын өөртөө засах хошуунд бөөнөөрөө сууж байна.
Эх сурвалж: А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”.